ЗугаацалОдууд

Дэлхийг өөрчилсөн эмэгтэй

Энэ цагийн баян, алдартай хөтлөгчдийн нэг Эллен ДеЖенересийг ярилцлагын шоу нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгчийн “Эрх чөлөөний одон”-гоор шагнуулсан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхийг илүү сайн сайхан болгохын төлөө хувь нэмрээ оруулсан жүжигчин Том Хэнкс, сагсан бөмбөгийн од Майкл Жордан гэх мэт 21 алдартныг шагнажээ. Эллен ижил хүйстний эрхийн төлөө тэмцлээрээ тус одонг хүртэв.

2012 онд Холливудын алдрын гудамжинд одтой болжээ

Форбес сэтгүүлд мэдээлснээр, Эллений орлого сүүлийн жилүүдэд огцом өсч, хөрөнгийн хэмжээ 345 сая ам.долларт хүрсэн байна. Тэрбээр сарын таван сая ам.долларын орлоготой. Нэр алдрыг авчирсан шоу нэвтрүүлэг нь олонд хүрэхээс өмнө Эллен зөөгч, цонх цэвэрлэгч, худалдагч гэх мэт олон ажил хийн амь зууж байв. Тэрбээр 23 настайдаа Луизианагийн нэгэн кофешопт инээдмийн үзүүлбэр  хийдэг байсан ч 1986 онд Дэвид Леттермэнтэй хамт “The Late Show” шоунд оролцсоноор олонд танигдаж эхэлжээ. Улмаар 1994 оноос АВС телевизийн “Эллен ба түүний нөхөд” цувралын гол дүрийг бүтээх болсноор нэр алдар нь өссөн аж. Түүний “The Ellen DeGeneres Show” 2003 онд анхны дугаараа цацсанаас хойш өдгөөг хүртэл олон сая үзэгчтэй, алдартай нэвтрүүлэг байсаар байна.

Эллен багадаа

Эллен 1958 оны нэгдүгээр сарын 26-нд Луизиана муж улсад төржээ. Түүнийг 16 настай байхад эцэг, эх нь салж, Эллен ээжтэйгээ хамт амьдрах болсон байна. Дунд сургууль байхдаа малын эмч болохыг хүсдэг байсан ч ах Вансынхаа нөлөөгөөр инээдмийн жүжигчин болохоор шийдсэн байна. Тэрбээр Нью-Орлеансын их сургуульд харилцааны чиглэлээр элсэн орсон ч эхний  жилдээ сургуулиа хаясан аж.

Поршиа де Росситой 2008 оны наймдугаар сард хуримлажээ

Эллен ижил хүйстэн гэдгээ зарласнаас хойш нэг жилийн дараа жүжигчин Энн Хечтэй болзох болсон ч 2000 онд салсан байна. Харин 2004 онд Поршиа де Росситой танилцаж, дөрвөн жил болзсоны эцэст 2008 оны наймдугаар сард ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Калифорни муж улсад гэрлэлтээ батлуулжээ. Тэд гурван муур, гурван нохойтойгоо хамт Беверли Хиллзэд амьдардаг.

Тэр гурван муур, гурван нохойтой

Эллен цагаан хоолтон төдийгүй амьтны эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч. Тэрбээр амьтны эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйлсэд олон сая ам.долларыг зарцуулжээ. Амьтны эрхийг хамгаалдаг PETA нийгэмлэгээс түүнийг 2009 онд “Оны шилдэг эмэгтэй”-гээр өргөмжилж байв. Тэрбээр 2014 онд кино урлагийн нэр хүндтэй “Оскар” наадмын зочдын бэлгийг бэлдэхдээ 10 мянган нохойн хоолыг өөрийн хөрөнгөөр нэмж оруулсан нь олны талархлыг хүлээсэн юм.

2014 оны Оскар наадмыг хөтөлсөн

Эллен Эмми болон Грэммийн шагнал гардуулах ёслолыг тус бүр хоёр удаа, 2014 оны Оскар наадмыг хөтөлсөн юм. Мөн “Немогийн эрэлд” анимейшний Дорийн дүрд дуу оруулсан нь дуу оруулагчдын шилдгийг шалгаруулдаг “Saturn Award” наадмаас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Эллен жүжиглэх, алиалахаас гадна барилгын засал чимэглэлд сонирхолтой нэгэн. Тэрбээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд 20 гаруй орон сууцыг засч тохижуулжээ. Эллен бол хошин шогийн мэдрэмжтэй, залууст үлгэр дуурайлал болсон хөдөлмөрч нэгэн юм.

Эх сурвалж: news.mn

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close