Ангилаагүй
Trending

Коронавирус бидний үхэлд хандах хандлагыг өөрчлөх болов уу?

Титэмт хоруугийн цар тахал үхлийг хүлээн зөвшөөрдөг бидний уламжлалт хандлагыг сэргээх болов уу эсвэл амьдралыг уртасгах гэсэн оролдлогуудад маань улам хүч нэмэх болов уу?

Орчин үеийн дэлхий ертөнц хүмүүс үхлийг хуурч чадна гэдэг үзлээр бүтээгдсэн билээ. Энэ бол үнэхээр хувьсгалч шинэ санаа мөнөөс мөн байсан юм. Харин хүн төрөлхтөний түүхийн ихэнх хугацаанд хүмүүс үхлийн өмнө өвдөг сөхөрсөөр ирсэн. Шинэ түүхийн сүүл үеийг хүртэл ихэнх шашин үхэл бол бидний зугатах боломжгүй заяа тавилан хийгээд магадгүй амьдралын гол утга учир ч байж мэдэх юм хэмээн сургасаар иржээ. Хүний оршихуйн хамгийн чухал хэсэг нь сүүлчийн амьсгалаа татсанаас чинь хойш л эхэлдэг байж мэдэх бөгөөд тэр үед л чи амьдралын утга учрыг таниж мэдэж магадгүй. Чухамхүү тэгэхэд л чи зовлонгоос нэг мөсөн ангижирч эс бөгөөс мөнхийн хараалд унаж мэднэ. Гэтэл үхэлгүй ертөнц бий хэмээвээс тэнд диваажин ч үгүй мөн там бас хойд нас ч гэж үгүй. Ийм ертөнцөд бол Христийн, Лалын эсвэл Хиндуизмын гээд ямар ч шашин утга учиргүй болж хувирна.
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид түүний сод тэргүүн сэтгэгчид нь үхлийн учир утгыг тайлахыг оролдож байсан болохоос харин түүнийг ялан дийлэхийг оролдож асан нь үгүй.
Гилгамешийн тууль, Орфей Эвридика хоёрын домог, Библи, Коран судар бүр Ведийн номонд ч тэр энэ олон ариун сургаалиуд бүгд сэтгэл зовиногч хүмүүнд хандан Бурханы тааллаар, Тэнгэрийн зарлигаар, Байгал эхийн жамаар хүмүүн мөнх бусыг үзэх нь зайлшгүй бөгөөд бид хувь тавилангаа хүлцэнгүй номхоноор нэр төртэйгээр хүлээн авах нь зүй хэмээн номлодог билээ. Магадгүй хэзээ нэгэн өдөр Бурхан өөрийн тааллаар ихэд гайхамшигийг бүтээж Христийг дахин амилуулдаг ч гэдэг юмуу нэг тийм аугаа метафизик үзэгдэл бүтээн үхлийг дарж мэдэх юм. Гэвч иймэрхүү ер бусын үйл мэдээж мах цусан бодид төрсөн хүмүүн төрөлтний заяа дамжаанд нийцэхгүй нь лавтай.
Гэвч Шинжлэх ухааны хувьсгал боллоо. Эрдэмтдийн үзэж буйгаар үхэл гэдэг ерөөс бурхны таалал бус харин жирийн л нэг техникийн асуудал. Бурханы тааллаар л хүмүүс үхэж амьдраад байгаа хэрэг бус харин техникийн асуудал, гацалт гараад л хүн үхээд байгаа хэрэг л дээ. Зүрх нь цусаа шахахаа больж зогссон. Хавдрын эс элгийг гэмтээж устгасан. Уушгинд вирусууд үржсэн ч гэдэг юм уу. Тэгээд иймэрхүү техникийн асуудал гарч байгаагийн буруутан нь юу билээ? Мэдээж өөр бусад техникийн асуудлууд. Зүрхний булчинд очих хүчилтөрөгч хангалтгүй байгаас зүрх цохилж цусаа шахаж чадахгүй байгаа хэрэг. Хавдрын эсүүд элгэнд ихээр тархсаны шалтгаан нь ямар нэг генийн мутацитай холбоотой хэрэг. Харин миний уушгинд вирус үржиж эхэлсэн нь автобусанд хажууд явсан нэг нөхөр найтааснаас болсон хэрэг гэх мэтчилэн. Энд ямар ч метафизикийн асуудал алга.
Үүнчлэн шинжлэх ухаан аливаа техникийн асуудлыг шийдэх техникийн шийдэл бий хэмээн итгэх бөлгөө. Христийг дахин амилахыг хүлээлгүйгээр үхлийн асуудлыг шийдчихэж болно. Нэг мундаг эрдэмтдийн баг лабораторидоо судлаад гаргачихаж мэднэ. Хуучны цагт үхэл гэдэг бол лам, хувраг орхимж нөмрөгтөнгүүдийн мэдлийн асуудал байсан бол одоо цагт цагаан хэвнэгтнүүд мэдэх болжээ. Зүрхний хэм алдагдвал бид түүн стем тавьж орхино, бүр болохгүй бол сольж орхино ч гэдэг юм уу. Хавдрын эс гаараад эд эрхтэнийг маань идэж эхэлбэл цацраг туяагаар шарж орхино. Вирус уушгийг маань гэмтээвэл бид түүнийг ямар нэг эм, багажаар анагааж орхино.
Одоохондоо бид энэ техникийн асуудлуудыг бүгдийг нь шийдэж чадахгүй байгаа нь үнэн л дээ. Гэхдээ бид шийдвэрлэхийн тулд ажилласаар л байгаа. Хүн төрөлхтний оюун ухааны сорууд нь үхлийн утга учрыг олохын төлөө цагаа үрэхээ больсон. Оронд нь тэд амьдралыг уртасгахын төлөө завгүй ажиллаж байна. Тэд микробиологи, физиологи, генийн системийн түвшинд нь аливаа өвчлөл, хөгшрөлтийн шалтгааныг олж тогтоон шинэ эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг гаргасаар л байна.
Ийнхүү амьдралын төлөөх тэмцэлдээ бид үнэхээр онцгой амжилтуудыг гаргасаар л буй. Сүүлийн 200 жилийн дотор дэлхийн хэмжээнд хүний дундаж наслалт 40 байснаас 72 болж зарим өндөр хөгжилтэй орнуудад бүр 80 ч гарсан үзүүлэлттэй болсон. Хүүхдүүдээ ч бид үхлийн савраас амжилттай мулталсаар л байна. ХХ зууныг хүртэл хорвоод мэндэлсэн гурван хүүхэд тутмын нэг нь насанд хүрч чаддаггүй байсан бөгөөд тэд ихэвчлэн цусан суулга, улаан бурхан, салхин цэцэг өвчнүүдээр хиарцгаадаг байсан аж. ХVII зууны Англи оронд шинээр төрсөн 1000 хүүхэд тутмын 150 нь нэг ой хүрэлгүй өнгөрдөг байсан бөгөөд тэднээс 700 нь л 15 настайгаа мэнд золгодог байсан бол одоо Английн 1000 хүүхэд тутамд ой хүрэхгүй нас баралт 5 бөгөөд 993 нь 15 насандаа эсэн мэнд хүрдэг болжээ. Дэлхийн хэмжээнд нялхасын эндэгдэл ердөө 5 хүрэхгүй хувь болон буурсан байна.
Хүн төрөлхтөний ийнхүү амь нас эрүүл мэндээ хамгаалах, амьдралыг уртасгах тэмцэлд гаргасан аугаа амжилтуудынхаа ачаар бидний ертөнцийг үзэх үзэлд асар том өөрчлөлт гарав. Уламжлалт шашин хүний хойд насны амьдралыг хүний амьдралын утга учир хэмээн номлодог байсан бол XVIII зуунаас хойш бий болсон либерализм, социализм, феминизм гээд олон үзэл номлолд үхлийн дараах амьдралын асуудал огт тусгагдаагүй байдаг. Коммунист хүн үхэхээрээ яг яадаг гэж? Капиталист бол яана гэж? Феминист үзэлтэй бол яах уу? Карл Маркс, Адам Смит эсвэл Симон де Бовуарын бүтээлүүд дотроос та бүхэн эдгээр асуултын хариултыг хайсан ч олдохгүй болов уу.
Үхлийн дараах амьдралд чухал ач холбогдол өгдөг ганц орчин үеийн үзэл номлол бол национализм буюу үндсэрхэг үзэл байж мэдэх юм. Уянгын халилтай болоод ирэхээрээ үндсэрхэг үзэлтнүүд улс үндэстнийхээ төлөө амиа өгсөн хүмүүс ардынхаа зүрх сэтгэлд мөнхөрнө гэж номлодог. Мэдээж ийм амлалт хийсвэр бөгөөд ихэнх үндсэрхэг үзэлтнүүд энэ алдарт хүрэхийн тулд юу хийхээ мэддэг ч үгүй болов уу. Ер нь “ дурсамжинд амьдарна ” гэж яг яахыг хэлдэг юм? Нэгэнт үхчихсэн хүнд түүний тухай хүмүүс юу гэж бодох нь нэг их падгүй л болов уу. Нэрт кино найруулагч Вүүди Алленаас нэг удаа кинонд дурлагчдын дурсамжинд мөнхрөх хүсэл байна уу гэж түүнээс асуухад “ Гэртээ амьдарсан нь дээр гэж бодож байна гэж” эелдэгхэнээр татгалзсан байдаг. Ер нь тэгээд сүүлийн үед шашны номлогч нар ч юу хэлэхээ бодоцгоодог болж үхлийн дараах аврал өршөөл, диваажинг амлахын оронд харин энэ насандаа юу бүтээвэл зохилтойг голчлон сургадаг болжээ.
Тэгвэл одоо болж буй цар тахал хүмүүсийн үхэлд хандах хандлагыг өөрчлөх болов уу? Бараг үгүй л болов уу. Магадгүй бүр эсрэгээрээ ч байж мэднэ. Covid-19 цар тахал биднийг хүний амь насыг хамгаалах хүчин зүтгэлийг маань улам хурцлах л буй заа. Ихэнх соёлын хувьд Covid-19 хандах хандлага нь түүнийг хүлээн зөвшөөрөх биш харин бухимдан эсэргүүцэх, итгэл хоёрын хослол байна уу даа гэж бодно.
Шинэ түүхээс өмнөх үед жишээ нь дундад зууны Европт тахал гарлаа гэж бодоход хүмүүс өөрсдийн амь насны төлөө айж, хайрлаж эрхэмлэдэг хүмүүсийнхээ үхэлд гашуудан шаналах хэдий ч соёлын нийтлэг төлөв нь түүнд бууж өгч хүлээн зөвшөөрөх байх байсан болов уу. Үүнийг сэтгэл зүйчид “ яаж ч чадахгүйтэйгээ эвлэрэх “ ч гэж нэрлэдэг. Тэр үеийн хүмүүс үүнийг Бурханы таалал гэж үзэж магадгүй хүмүүн төрөлхтний үйлдсэн нүглийн өр төлөөс гэж хүлээн авах байв. “ Бурханы таалал ийм байжээ. Бидний муу заяат хүмүүст оноосон гэсгээл юм байна. Гэхдээ эцсийн эцэст бүх зүйл сайнаар дуусна. Шаналах хэрэггүй, сайн хүмүүс өөд боллоо ч бурхны ивээлд диваажинд очно. Тиймээс үүнийг анагаах гэж эм тан эрж хайхын хэрэггүй. Энэ тахал бол биднийг шийтгэхээр илгээсэн бурханы гэсгээл юм. Энэ тахлыг хүн төрөлхтөн хичээл зүтгэлээрээ даван гарч чадна гэж бодож байгаа хүн бол урьд үйлдсэн нүгэл дээрээ нэгийг нэмж байгаа л хэрэг. Бурхнаас зурсан зураг төөргийг эсэргүүцэх бид хэн юм бэ?” гэх байсан биз.
Гэвч өнөөгийн цаг үеийн хандлага бол үүнээс тэс эсрэг. Бид олон хүн нэрвэгдсэн аливаа осол гамшгийг, жишээлэхэд галт тэрэгний осол, гал түймэрт автах, бүр хуй салхи дэгдсэн ч түүнийг урьдчилан сэргийлж болох байсан хүний буруутай үйл ажиллагаа гэж хараад сурчихсан бөгөөд алийг нь ч тэнгэрийн гэсгээл эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үздэггүй билээ. Төмөр замын компани аюулгүй ажиллагааны төсвөө хумьснаас, хотын захиргаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сайн дүрэм журам гаргаагүйгээс, засаг захиргаанаас аврах баг яаралтай илгээгүйгээс хүний амь эрсдэлээ тэднийг аварч болох байсан юм гэлцэнэ. XXI зуунд олон хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүрийг автоматаар мөрдөн шалгаж, хууль шүүхээр үнэн мөнийг олох ёстой зүйл гэж ойлгодог болжээ.

Бүр өвчин тахлыг ч хүртэл ялгаагүй. ХДХВ өвчнийг зарим шашны номлогчид ижил хүйстнүүдэд оноосон бурханы шийтгэл гэж үзэж байхад нийгэм түүний номлолыг мухар сүсэг гээд авч хэрэгсэхгүй байх бөгөөд ХДХВ, Эбола зэрэг сүүлийн жилүүдэд гарсан аливаа тахал халдварын шалтгааныг хүмүүсийн үйл ажиллагааны зохион байгуулалт муутайгаас болж тархсан гэж үзэх нь орчин үеийн нийгмийн хэм хэмжээ болсон байна. Хүн төрөлхтөн ийм хэмжээний өвчин тахлын эсрэг тэмцэх мэдлэг, хэрэгсэл хангалттай бүтээсэн гэж бид үзэх хийгээд өвчний халдвар ямар нэг байдлаар хяналтаас гарвал бурхны хилэн гэхээсээ илүү хүний үйл ажиллагааны дутагдал доголдлоос үүдэлтэй гэж үзнэ. Covid-19 цар тахлыг ч энэ үзэл тойрч гарсангүй. Хэдийгээр цар тахлын хямрал өндөрлөх болоогүй хэдий ч буруутныг хайх тоглоом хэдийнэ эхэлчихсэн байна. Улс орнууд нэг нэгийгээ, өрсөлдөгч улс төрчид бас бие биенээ буруутгаж, тэслэгчийг нь сугалчихсан тэсрэх бөмбөг аятай бие биен рүүгээ чулуудах аж.
Ийнхүү бухимдахын хажуугаар няцалтгүй их итгэл үнэмшил оршин байна. Гэхдээ бидний баатрууд үхэгсэдийг оршуулж, нүглийг хэлтрүүлэх лам хуврагууд биш харин амь насыг аврагч эмч нар юм. Бидний супер баатрууд бол лабораторитоо тэмцэж буй эрдэмтэд билээ. Кинонд дурлагсад угаасаа Спайдермэн муу залуусыг дийлж дэлхийг аварна гэж мэддэгчлэн бид хэдхэн сарын дараа, үсрээд нэг жилийн дотор өнөөх лабораторийн баатрууд маань Covid-19-ийг дарах эмжилгээний арга тэр байтугай вакциныг ч олно гэдэгт итгэлтэй сууна. Тэгвэл ч энэ муу коронавируст энэ дэлхий дээрх хамгийн төгс ноёрхогч амьд биет хэн нь болохыг үзүүлээд өгнө дөө ! Цагаан ордон, Уол стрийт гээд хаана л бол хаана “ Вакцин хэзээ бэлэн болох вэ?” гэж асууж байгаа болохоос “Вакцинтай болж чадахгүй бол яахав ?” гэж асууж байгаа нь үгүй.
Тэгээд дараа нь вакцин бэлэн болж цар тахал дуусмагц хүн төрөлхтний үүнээс авах гол сургамж юу байх бол? Хамгийн өндөр магадлалтай нь хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж эхлэх болов уу. Илүү олон эмнэлэг барьж, эмч сувилагч нарыг бэлтгэх байх. Улам олон амьсгал дэмжих аппарат, хамгаалах хэрэгсэл, оношилгооны багц бэлтгэн, хурааж хадгалах болов уу. Өөр судлагдаагүй бидэнд мэдэгдэхгүй байгаа хорууны тухай судалгаа, шинэ төрлийн эм эмчилгээнд илүү их мөнгө зарцуулах байх. Дахиж ингэж гэнэдэхгүй шүү л гэж үзнэ дээ.
Гэхдээ зарим маань ийм сургамж авах нь буруу, бид энэ гамшгаас илүү хүлцэнгүй байхад суралцах ёстой гэж бодож магадгүй юм. Магадгүй бид байгалийн хүчийг эрхшээх чадалдаа ингэж хэт итгэж болохгүй ч байж мэдэх юм. Гутранги үзэлтэй, дундад зуунтайгаа зууралдагчид, хүлцэнгүй байдлыг шүтэгчид бүгд л өөрийн зөвдөө 100% итгэлтэй байдаг хойно. Зарим нэг хөгийн амьтад нь бүр биеэ барихгүй ил гараад эхэлсэн л дээ. Доналд Трампын засгийн газрын гишүүдэд Библи судар номлогч нэгэн энэ цар тахал нь ижил хүйснүүдэд оноосон бурхны цээрлэл гэж мэдэмхийрч байсан. Гэхдээ орчин үед ямар ч хуучинсаг үзэлтэн бурханы номлолоос шинжлэх ухааныг дээр тавьдаг болсон л доо.
Католик сүмийн зүгээс сүсэгтнүүдийг сүм хийдэд ирэхгүй байхыг зааварчлав. Израйл ч бас иудэйн шашны сүм хийдүүдээ хаалаа. Исламын Бүгд Найрамдах Иран улс хүмүүсийг лалын шашны сүмд ирэхгүй байхыг уриалж байна. Ер нь бүхий л шашны номлол урсгалууд ч олон нийтийн цуглаан ёслол хийхээ цуцалсан байна. Учир нь гэвэл шинжлэх ухааны тооцооллын үндсэнд итгэн ийнхүү ариун сүмүүдээ хаажээ.

Мэдээж хүний бардамналыг буруутган анхааруулж буй хүн бүрийг дундад зууны балар үзэлтэн гээд байгаа хэрэг биш л дээ. Эрдэмтэд ч хүртэл биднийг бодитой хүлээлттэй байж, эмч нарыгаа амьдралд тохиолдох аюул зовлон бүрээс хамгаалах бамбай биш ээ гэдгийг ойлгож ухаарах ёстой гэдэгтэй санал нэгдэх байх. Хүн төрөлхтөн хүчирхэг болохын хэрээр хувь хүн өөрийгөө эмзэг амьтан гэдгээ санаж явахад илүүдэхгүй. Магадгүй одоогоо нэг хоёр зуун жилийн дараа гэхэд шинжлэх ухаан хүний амьдралыг таахын аргагүй өөрчилж мэдэх юм гэхдээ хараахан тэгж чадаагүй байна. Хэдхэн тэрбумтны хүүхдүүд л эс магад гэх нь юу юм гэхээс бид бүгд л хэзээ нэгэн цагт үхэж үрэгдэж хайртай дотны хүнээ алдах нь дамжиггүй. Мөнх бус гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй шүү дээ.
Зуун зууны туршид хүмүүн төрөлхтөн шашныг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж үхлийн дараах амьдрал буй гэж итгэсээр ирсэн билээ. Харин одоо хүмүүс шинжлэх ухааныг түүний оронд хамгаалалтын хэрэгсэл болгон ашиглаж, эмч нар үргэлж тэдний амийг аварна гэж итгэж, тэгээд байр байшиндаа үүрд мөнх амьдрах юм шиг санаж явах болж. Тиймээс бид тэнцвэртэй байх нь чухал. Мэдээж цар тахалтай тэмцэхэд шинжлэх ухаанд итгэх хэдий ч хувьхан заяаны амьдрал, мөнх бусын тавилангаа өөрийн мөрөн дээрээ үүрсэн хэвээр үлдэх ёстой билээ бид.
Одоо тохиож буй энэ хямрал магадгүй олон хүнд хүний амьдрал, алдар нэр, амжилт ололт мөнх бус гэдгийг дахин нэг сануулсан болов уу. Гэлээ ч гэсэн манай орчин үеийн нийгэм бүхэлдээ нөгөөх л эсрэг сөрсөн нүүдлээ үргэлжлүүлсээр. Эмзэг сулаа мэдэрмэгцээ бид илүү хүчтэйгээр хамгаалалт босгож эхэллээ. Энэ хямралыг өнгөрмөгц гүн ухааны тэнхимийн төсөв нэмэгдэнэ гэж би лав итгэхгүй байна. Харин анагаахын сургуулиуд, эрүүлийг хамгаалах тогтолцоонд маш их хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэж би мөрийцсөн ч алдахгүй.
Энэ нь ч хүн төрөлхтөн бидний хийж чадах хамгийн сайн зүйл байж мэдэх юм. Угаасаа ч төр засаг гүн ухаанд дөртэй ч биш. Ер нь ч тэдний мэдэх хэрэг биш л дээ. Төр засгийн хийж чадах юм нь эрүүлийг хамгаалах тогтолцоогоо бэхжүүлэх. Хийх ёстой юм нь ч тэр. Харин хувь хүний хувьд гүн ухаан дээрээ тогтсон нь онох болов уу. Хүний оршихуйн нууцыг эмч нар бидэнд тайлж өгөхгүй шүү дээ. Тэд бидэнд учрыг нь олохоор нухах жаахан цаг хожиж өгч л чадна. Харин тэр олдсон цагтаа юу хийх нь биднээс шалтгаалах хэрэг билээ.

Орчуулсан Narantuya Norovsambuu

Эх сурвалж: Guardian

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Back to top button
Close
Close