Ангилаагүй

Арабын ертөнц үгүй болвол энэ дэлхийд ямар өөрчлөлт гарах вэ?

Арабын ертөнцийн Аль Жазира дээр нэгэн сонирхолтой нийтлэл гарсан байна. “Арабчууд гэнэт бүгд алга болбол юу болох вэ?” Гэнэт арабчууд бүгд алга болчихвол яах вэ? Дэлхий нэг өдөр сэртэл бид нар гэнэт үгүй болсон байвал юу болох бол? Ингэлээ гээд ямар нэг юмнаасаа хагацахгүй болохоор хүмүүс нэг их сэтгэлээр унах нь юу л бол. Интернет, хиймэл дагуул, машины үйлдвэр ажилласан хэвээр байж, хөрөнгийн бирж дээр сүйрлийн нуралт болохгүй, дэлхий дээр эм тан, эмнэлгийн багаж,тэр бүү хэл зэвгээ алдах хүн гэж гарахгүй.

Бид дэлхий ертөнцөд ямар ч ашиг тус өгдөггүй юм байна. Дэлхий дахин биднийг нэг нэгнээ алж байгаа тухай өдөр тутмын мэдээ гаргаж, тэр тухай элдэв ярианаас өөр зүйл биднээс авдаггүй. Франц бүсгүй тагтан дээрээ гарч ирээд хөрш хүүхэндээ арабчууд бүгд алга болсон тухай хэлбэл нөгөөх нь “Аан, нөгөө нэгнээ өдөр шөнөгүй алаад байсан хүмүүсийг яриад байна уу?” гэж хариулна даа.

Болж байгаа үйл явдлыг хэт хар бараанаар дүрслээд байна гэж болох ч би эх орноосоо гадна дурын улсын нийслэлд ирээд Египет, Сири, Йеменээр дамжин Ливээс Ирак руу урсаж байгаа цусан голыг ажиглавал гарцаагүй ийм зүйлийг олж харна.

Эдний дунд амьдрах бусдынх нь нэг хэсэг нь өлсгөлөнд нэрвэгдэн шаналж, нөгөө хэсэг нь хэт цатгалдаад шаналж суудаг. Тэгээд эд бүгд нийлээд бусад хүн төрөлхтний хийж бүтээснийг ашиглаж амьдардаг.Хэрэв бид үгүй болвол Япон эсвэл Европт амьдардаг хүний ертөнцөд юу ч өөрчлөгдөхгүй. Өдөр тутмын дадсан амьдралаараа амьдарсаар байх төдийгүй малайзчууд, туркууд, америкчууд гээд бусад бүх хүмүүсийнх ч ялгаагүй. Бид шинжлэх ухааны, аж үйлдвэрлэлийн болон бусад материаллаг ба материаллаг бус үйлдвэрлэлд оролцдоггүй, нээлт хийдэггүй.

Бид зөвхөн бусад хүн төрөлхтний хийж бүтээснийг л ашигладаг ч ашиглахдаа буруугаар, атгаг санаатайгаар ашигладаг. Эздэдээ тэрбум тэрбумын ашиг авчирдаг зэвсгийн үйлдвэрүүд л биднийг үгүйлж магадгүй бөгөөд учир нь бид тэдний бүтээгдэхүүний том хэсгийн хэрэглэгчид юм.

Бид өдөр бүр аллага,сүйтгэлийн төлөө зэвсэг ашигладаг болохоор зэвсгийн том гэрээ тасралтгүй байгуулж суудаг.Бусад хүмүүс бүгдийг үйлдвэрлэж, харин бид юм бүгдийг хэрэглэдэг. Бидний өгч чадах зүйл гэвэл ахин дахин өөрөөр тайлбарлаж, үзэн ядалтыг дэвэргэхийн төлөө ашигладаг үгс. Араб хүн бүр бусад арабтай харилцахдаа асуудалтай, овог омгууд нэг нэгнээ чадаж хохироогоод, улс орнууд нэгнээ үзэн ядаад тэдний хоорондын тэмцэл мөргөлдөөн эрт галаваас эхтэй. Зэвсэг барьсан хүн болгон заавал тулааны талбар руу явна. Араб түмний дунд Израилтай тулалдаж байгаа Палестинчууд цор ганцаар азтай нь байсан ч тэд ч эцсийн бүлэгт бусдыгаа дагаж ханараад хоорондоо тэмцэлдэж эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс эмчлүүлэхээр ирдэг эмнэлэг гэж бидэнд алга, Шанхайн рейтингт багтаад шилдэг 400 их сургуулийн тоонд орчихоор их сургууль гэж алга гээд бид бүх л салбарын жагсаалтын хамгийн доогуур жагсаж байна. Бидэнд найдвартай нэг ч институт, хүндэлдэг нэг ч хууль гэж алга. Бүгд хуурамч, бидэнд онгирох зүйл ер байхгүй.

Мубарак түлхэн унагагдахаасаа нэлээд хэдэн жилийн өмнө хамгаалагч, туслахуудаа дагуулаад Германы эмнэлэгт эмчлүүлэхээр очиж л дээ. Эмнэлгийнхэн хөл алдан гүйлдэх нь тэр тасагт хэвтэж байсан нутгийн хүний анхаарлыг татаж л дээ. Тэгээд өрөөнд хамт хэвтэж байсан хүнээс асуутал нөгөөх нь “Арабын нэг удирдагч” гэж. Үүний дараа Герман эр “Энэ хүн тэгээд хэдэн жил төр барьж байгаа юм бол?” гэж сонирхоход “Гучин жил” гэж хариулж. “Тэгвэл наад чинь авлигад идэгдсэн дарангуйлагч байна. Яагаад дарангуйлагч гэж үү? Яагаад гэвэл улсаа 30 жил удирдчихаад, гартаа тэгж их эрх мэдэл, боломж атгачихаад өөрийгөө даатгаад хэвтчихээр ганц эмнэлэг ч барьж чадаагүй байна шүү дээ” гэсэн гэдэг. Сүүлийн жилүүдэд бүс нутагт бий болсон тогтворгүй байдал биднийг юм болгонд арчаагүй хэврэг болсныг харуулж байна. Өчүүхэн салхи үлээхэд манай хэдэн улс нурж унаад, бидний барьж байгуулсан юм бүхэн хамгийн ялихгүй чичрээг ч дааж чадахгүй үзэгдэл төдий гэдгийг бид олж харлаа. Ингээд зогсохгүй өөрсдийн боломжийн жинхэнэ цар хүрээг олж харахдаа манай соёлд дэндүү их үзэн ядалт, хүчирхийлэл байдгийг олж мэдлээ.

Хэдий гайхалтай сонсогдож болох ч дарангуйлагчидтай тэмцэж байна гэдгээр халхавч хийгээд шашин ба яс үндсээр ялган гадуурхах хамгийн адгийн үзэн ядалтыг сэргээж байна. Бид бусдыг хороох төрөлх зөн совингоо хангахын тулд шашны номлол, хиймэл дагуулын суваг ашиглаад уран илтгэлийн гайхалтай чадвартайгаа харуулдаг. Манай улсуудын түүхэн дэх агуу их ялагдлыг үл тоон хэн хэнээс илүүтэйгээр ялалтын тухай ярьцгаадаг. Бид зөвхөн уран илтгэх арга мэх ашиглаад тэдгээрийг их хүч болгож хувиргадаг. Бид хуурамчаар үйлдэх, одоо ба өнгөрснийг өөрчлөхийн мастерууд, бодит байдлаас алд дэлэм хол гайхалтай ирээдүйн тухай мөрөөдөлд живэгсэд. Бид ирээдүйнхээ төлөө юу ч хийлгүйгээр зөвхөн ярьж бас эргэцүүлэн суугчид. Бид дэлхий дээрх хамгийн тархай бутархай үндэстэн атлаа нэгдмэл байдлын тухай ярьцгаадаг. Дэлхийн бусад улс орнууд ардчиллын тухай ярьцгааж байхад бид хамгийн харгис дарангуйлагчдад нухлуулан амьдардаг. Хүлцэн тэвчих, хайр дурлал ба энх тайвны тухай ярьж байхад бид л үзэн ядаж байдаг. Бид хүүхдийн эрх, бас эмэгтэйчүүдийн эрх, хүний эрхийн тухай бусдаас илүү ярьдаг ч бидний ертөнц, арабын улс орнуудад хүн гэдэг ялихгүй нэг шавжаас өөрцгүй. Тэгсэн атлаа энэ бүх үнэт зүйлс, тогтолцоо бол эхний маргаан эхлэх төдийд, шинэ засаг эсвэл улс төрийн өөр хүн гармагц л нурж унахад бэлэн хоосон уриа төдий гэдгийг цаг үргэлж олж мэдэцгээдэг.

Яван явсаар биднийг сэрээх, сэргээх, бидний улс төрийн болон ёс суртахууны, цаашлаад нийгмийг арчаагүйдлийг харуулахын тулд бүс нутаг энэ бүх нүсэр доргилтыг давж гарах ёстой болсон. Бид хэдэн арван жил эсвэл бүр магадгүй хэдэн зууны туршид байхгүй гэж үл тоохыг хичээсэн араб дахины ертөнц дэх бодит байдлыг олж харах ёстой. Ихийг мөрөөдсөн манай хүмүүс “араб мөрөөдөл” гэгчийг хэрэгжүүлж, араб түмнийг нэгтгэх агуу их итгэл найдварын халдварыг түгээсэн ч исламын өмнөх байдалдаа буцаад очицгоолоо. Би нэгдмэл байдлыг хэлсэн юм шүү.

Эх сурвалж: Аль Жазира , сэтгүүлч Акрам Аталла

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Back to top button
Close
Close