Ангилаагүй
Trending

ШАР ТОС – ШИНГЭН АЛТ

Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх үхрийн сүүний цэвэр шар тосыг өдөрт шагайн чинээ хэрэглэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.
Өөх тос идэж чаддаггүй хүн өглөөдөө шагайн чинээ шар тосыг аяга халуун бүлээн усанд уусгаад эсвэл цэвэр зөгийн бал, нимбэгийн шүүс нэмээд уухад өдрийнхөө шар тосны хэрэгцээг хангадаг юм байна. Шагайн чинээ гэдэг нь ойролцоогоор амны нэг халбагыг хэлж байгаа юм.

Олон төрлийн витамин, амин дэм, антиоксидантаар баялаг шар тосыг Монголчууд эрт дээр цагаас хэрэглэсээр ирсэн билээ. Иймд бид та бүхэндээ тус тосны гайхалтай ид шид, ямар өвчнийг анагаах ач тустай болохыг нь танилцуулахаар бэлтгэсэн юм.

Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй. Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчлээр баялаг юм.
30 литр үнээний сүүнээс 1 килограмм орчим шар тос гардаг. Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна.

Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.

Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.

Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

Хоол боловсруулах системийг сайжруулан сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. “Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулж зүрхний тамирыг сайжруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг маш үр дүнтэй бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.
Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно. Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж. Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.
Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.
Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй гайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлж цус харвалтаас сэргийлнэ. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Уушигны хатингарлыг арилгана.
Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлж, хүйтэнд өлчир, халуунд ангаа цангаа дааж насан хутгыг уртасгадаг гэдэг.

Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.
Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.
Ясны сийрэгжилтээс хамгаална.
Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.

Элэг өөхлөхөөс сэргийлнэ. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ. Хөлдөж бэртсэн, цас бороонд жихэрсэн, цас мөстэй гол усанд унаж чөмөг хөрсөн хүнд шар тосыг уулгаваас түргэн тусыг олно.Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна.

Шар тосыг бариа засалд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе мөчний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг. Мөн олон жил хадгалан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьсны өвчин, яр шарханд түрхэж болдог. Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэхэд тустай, хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд шар тос маш тустай. Түүнээс гадна шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг. Элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдаана.

ШАР ТОС ГОО САЙХАНД:
Шар тос нь хоол хүнсний хэрэглээнээс гадна таны гоо сайханд гайхалтай өөрчлөлтийг авчрах байгалийн цэвэр жор юм. Та шар тосыг өөрийн үс, арьсанд дараах байдлаар хэрэглэж болно.
Эрүүл, чийглэг, намирсан, зөөлөн үс:
Хэрвээ таны үс хуурайшиж арзайсан, үзүүр хэсэг нь маш их салаалж гэмтсэн, өнгөө алдаж бүрсийсэн бол та шар тосоор энэхүү асуудлаа маш хялбархан шийдэж чадна. (Шар тосоо багахан халаагаад үсний угаас үзүүр хүртэл түрхэж массаж хийгээд 1 цагийн дараа хүүхдийн эсвэл химийн найрлагагүй зөөлөн шампуниар угааж хатаана)
Үр дүнд нь та гялалзсан чийглэг, намирсан зөөлөн үстэй болсон байх болно. Долоо хоногт 2-3 удаа давтаарай.

Эрүүл цэвэрхэн арьс
01. Шар тос+ус=ид шидийн чийгшүүлэгч
(Шар тосноос өөрт тохирох хэмжээтэйг авч устай холиод тусгай blender-т хутгана. Blender байхгүй бол гараараа сайтар хутгана. Бэлэн болсон тосоо нүүр болон бүх биедээ түрхэж 30 мин болгоод угаана). Долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Үр дүн нь ямар ч үнэтэй брэндийн тосноос дутахгүй болохыг та харна.
02. Чийглэг гэрэлтсэн өнгөтэй арьс
(Шар тос сүү хоёрыг адил хэмжээтэй авч хутгаад нүүрэндээ зузаан түрхэнэ. 15-20 мин дараа бүрэн хатаагаад хүйтэн усаар угаана)
03. Арьс хөгшрөлтөөс хамгаална
Шар тосоор дангаар нь 7 хоногт олон давтамжтайгаар нүүрэндээ массаж хийх нь арьсыг хөгширч, үрчлээтхээс маш сайн сэргийлдэг. Боломжтой бол өдөр бүр массаж хийвэл бүр илүү үр дүнтэй.
04. Ядарсан нүд болон доод зовхинд бий болсон хар, хөхрөлтийг багасгана
(Орой унтахын өмнө зовхиндоо түрхэж унтана. Мөн зовхины тос, серумыг орлуулж хэрэглэж болно)
05. Зөөлөн ягаан уруул
Хэрвээ таны уруул хуурай, хар хүрэн өнгөтэй бол орой бүр урууландаа шар тосоор массаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа өнгө нь ягаан болж хувирхыг та харах болно

Гэрийн нөхцөлд шар тос гаргаж авах арга:

Гэрийн нөхцөлд хурааж, хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяандаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ, олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосныхоо 1/3-ээс ихгүйд ээзгий хийж хутгаарай. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.
Гэрийн нөхцөлд бэлтгэж гаргасан шар тос нь илүү шим тэжээлтэй, гэхдээ тэр бүр цаг, хүч олдохгүй нь харамсалтай. Тиймээс бэлэн шар тос худалдан авахдаа сайн анхаарч аваарай. Чанартай шар тосонд онцын үнэр, амт байх ёсгүй – сүүний тос халаасан мэт үнэр үнэртэнэ. Тос зөөлөн, ширхэггүй: хайлуулбал цайрч нэгэн жигд шаргал өнгөтэй болно. Мөн тунадасгүй байх ёстойг анхаарна уу. Шар тос гаргаж авах жор маш их. Саванд хийж хөөсийг нь хамж аваад ус нь бүрэн уурштал тосоо хайлуулж авах түгээмэл жор бий. Эсвэл сүүн уураг болон шингэнийг нь хадгалж үлдээх зорилгоор шар тос бэлдэнэ, энэ тохиолдолд илүү цайвар шаргал өнгөтэй болдог байна. Ийм шар тосонд хийсэн хоол илүү амттай, шим тэжээлтэй болох

Монгол орны ихэнх нутагт өрөмнөөс шар тос гаргаж авдаг бол зарим газарт айргийг түүхий сүүгээр исгэж бүлээд айргийн тосыг нь ялган авч тэрийгээ шаргааж шар тос гаргадаг.

Сүүлийн үед хүмүүс шар тосыг ихэд сонирхож, юм юманд сайн гэж хошуурах болсон. Кофендоо хүртэл хутгаж уух шинэ хэв маяг ч гарч ирээд байна. Ер нь зөвхөн шар тос ч гэлтгүй тос гэдэг энэ бодисыг хүмүүст огт хэрэггүй, аль болох татгалз гэх болж, зарим хүмүүс өөх, тосыг хүнсний цэснээсээ хасчихсан. Гэтэл тос нь хүний биед дараахь үүргийг гүйцэтгэдэг юм байна. Эсийн бүтцэд оролцоно, хүний биед илч ялгаруулна, бодисын солилцоонд орно, тосонд уусдаг А, Е, D, К зэрэг амин дэмийг уусгаж бодисын солилцоонд оруулж, хэт халуун, хүйтэнд бие махбодын дулааныг зохицуулна.

Иймээс бид амьдрал ахуйдаа, цай хоолондоо бага хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд маш сайн. Шар тосыг жилийн дөрвөн улиралд хэдийд ч хэрэглэж болно. Гэсэн хэдий ч шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг тул хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өтгөрөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй байдгийг анхаарах нь маш зүйтэй юм.

Эмхэтгэсэн: Ө.Мөнхсайхан
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Өвөрмонголын өөртөө засах орны Шилийнгол аймгийн Уламжлалт эмнэлэгийн Хороо

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Back to top button
Close
Close