НийтлэлОнцлох мэдээ

Орчлонг харах нүдгүй ч амьдралыг харах нүдтэй

cegos

Гудамжинд гараад нүдээ аниад алхлаа. Нэг, хоёр, гурав… Өөрийн эрхгүй нүдээ нээлээ. Бүдэрч унахаас айсан хэрэг л дээ. Би чинь хорвоог харах хосгүй хоёр нүдтэй хүн шүү дээ. Гэтэл амьдралыг харах бүрэн нүд миний хувьд нээгдсэн болов уу. Ажиллах, бүтээх амьдрах эрч хүчээр өдөр бүр дүүрэн байж чаддаг билүү. Өөрөөсөө асуулаа. Өдөр бүр тийм их эрч, хүч, итгэл найдвар надад төрөөд байдаггүйг нуух юун. Гэтэл зарим хүнд орчлонгийн эрээн бараан байтугай өнгөтэй сайхныг харах нүд ч заяадаггүй. Тийм л хүмүүсийн хоёртой нь би уулзлаа. Тэднээс би өөрийгөө хэн гэдгийг олж харах нүдийг олж авсан гэж хэлж болно.

Мартын8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгааг далимдуулаад гэх үү дашрамдуулаад ч гэх үү алжаал ядаргаагаа тайлах гэж оройжин Улаанбаатарын хамаг сайн гэх иллэг массажын газарлуу залгалаа. Манайхан ч амралтын өдрөө жинхэнэ утгаар нь өнгөрөөдөг болсон юм уу ямартаа ч хамгийн түрүүнд очдог хэдэн газрууд минь бүгд захиалгаар дүүрсэн гэх хариуг өглөө. Харин хараагүйчүүдийн ажилладаг массажны газар хэзээ ч очиж үзээгүйгээ гэнэтхэн санав. Тэдний гарын мэдрэмж сайн хөгжсөн байдаг гэж нэгэн найз минь хэлж байсан санаанд буух нь тэр ээ. Лавлахаас утсыг нь асууж залгавал хариу өгснөөр аз болж арай хаагаагүй байна гэсэн хариуг авлаа. Хаяг байршлаа сайн заасны дагуу зорин очиход нэгэн залуу хаалгаа нээж өгсөн нь хараагүй хүн болох нь тодорхой боллоо. Түүний хөдөлгөөн, нүдний шилнээс тэрээр бүрэн хараагүй гэдгийг мэдээд аль болох эелдэг харьцах гэж хичээж эхэллээ. Бүрэн бүтэн, эрүүл саруул хүмүүс бид ийм нөхцөлд аль болох биеэ барьж, төлөв төвшин, эелдэг даруу харьцахыг өөрийн эрхгүй хичээдэг юм байна гэж өөрийгөө битүүхэн анзаарав. Харин тэр залуу эсрэгээрээ надтай  эрүүл хүмүүсийн адилаар харьцаж, ярилцахад л биеэ барьж эхлэхээ больсон юм. Байрны нэг давхрыг тохижуулан зассан алжаал тайлах газар нь цэвэрхэн, тохитой, намуухан хөгжим эгшиглэнэ. Та түр сууж байна уу гээд ор засах үед өөр нэгэн өрөөнөөс эмэгтэй хүн гарч ирсэн нь мөн л харааны бэрхшээлтэй хүн байв. Бариа массаж хийлгэх болоод орон дээрээ хувцсаа тайлж, тусгайлан бэлдсэн сагсанд хийгээд орны дэргэд байрлуулснаа мартжээ. Ийм нөхцөлд хараатай хүмүүсийн хувьд харааны бэрхшээлтэй хүмүүстэй харьцаж сураагүй байдал ажиглагддаг юм байна. Учир нь би хувцастай сагсаа иллэг хийх хүний хөлд тээглүүлээд орхисноо анзаарсангүй. Тэрээр орлуу дөхөж ирээд сагсанд тээглэсэн даруйдаа сагсыг авч орон доогуур хийх үед би өөрийгөө зэмлэх аядав. Үүнээс юу ажиглагдаж байна вэ гэхээр хүмүүс бид хараатай хэрнээ бусаддаа хичнээн их төвөг учруулж, саад болдог билээ дээ. Өдөр тутмын амьдрал дээрээ бид бие биенээ огт  хүндэлдэггүй. Гэтэл бидний эргэн тойронд ийм харааны бэрхшээлтэй олон хүмүүс амьдарч байна. Тэдэнд бид байнга төвөг учруулж байдагаа ойлголоо. Тэднийг амьдрах орчин нөхцлөөр хангаж чаддаг билүү. Тэдэнд бусадтай адил ажиллаж, амьдрах бүрэн бололцоог хангаж чаддаг билүү. Энэ асуудлыг бодон хэвтэхдээ сэтгэл маш ихээр эмзэглэв.

Массаж хийж байгаа эрэгтэй эмэгтэй хоёрын хувьд өөрийн амьдралын хэв маягт тааруулан бүх л зүйлээ хийхийг хичээж байгаа нь гар утасны дуудлага, зурвас болон өрөөний хэв маягаас илхэн харагдана. Гэтэл гудамжинд гараад тэдэнд ямар их бэрхшээл үүсдэгийг тоочоод барашгүй. Хараагүй хүн байтугай нүдтэй бид ч гэгээн гэрэлтэй өдөр ухсан нүх, таггүй траншейнд унах нь энүүхэнд.  Өвлийн цагт гудамж талбай нь халтиргаатай, зам харгуй нь нүхтэй, чулуун шат, боржин гантиг довжоо нь цас мөсөнд гулгаж унамаар хэцүүхэн л байдаг. Гэрэл дохионд нь хараагүйчүүдэд зориулсан дуут тэмдэг ч байдаггүйгээс гадна хурууны мэдрэгчээр бичсэн нэг ч үг үсэг аль ч байгууллагаас олж хараагүй гэвэл хилсдэхгүй биз ээ. Харин монгол улсад хамааралгүй гадаадын элчингийн байруудад хараагүйчүүдэд зориулсан хуруугаар мэдрэгч тэмдэг тэмдэглэгээ харж байсан шүү. Энэ мэтчилэн тоочоод байвал асуудал мундахгүй. Харааны бэрхшээлтэй хүн битгий хэл хараатай хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст аюулгүй амьдрах орчин алга. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бүтээн цогцлооно гэж хичнээн жил ярьсан ч өнөөдөр Улаанбаатар хотод хүний төлөө хийгдэж байгаа нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Харааны бэрхшээлтэй иргэдийн өөртөө итгэлтэй амьдрах, бусадтай адил өөрийгөө жирийн хүн шүү хэмээн тооцож ажиллах нөхцөл боломж хэр бүрдсэнийг уншигч та бодоод үзээрэй. Бодох тусам энэ талаар ямар ч дорвитой зүйл хийдэггүй юм байна гэдгийг ойлгох болно.

Ийн бодон хэвтсээр нэг цаг амархан өнгөрлөө. Заримдаа би тэр эмэгтэйг хараагүй гэдгийг нь хэдийнэ мартаад энд өвдөөд байгаа гэж хэлэх тохиолдол ч гарч байлаа. Тэрээр харин миний дуу авиагаар хаана өвчтэй байгааг сайтар анзаарч иллэг хийхээс гадна гарын мэдрэмж нь үнэхээр хөгжсөн л илт мэдэгдэж байв.  “Best Massage” гэх энэ газар нь олон салбартай гэдгийг дугаараас нь мэдэж авав. Энд харааны бэрхшээлтэй хүмүүс иллэг хийдэг гэдгээрээ онцлог юм. Тэдний хувьд амьдралдаа арчаагүй хандаж, гараа хумхиж суусангүй. Ажиллаж хөдөлмөрлөж, амьдралыг мэдрэхийн тулд зүтгэж байна. Гэтэл бүрэн бүтэн, эрүүл саруул хүмүүс бид амьдралыг хэр үр бүтээлтэй өнгөрүүлдэг билээ. Өөр өнцгөөс харвал хүн аль болох боломжтой, эрүүл саруул, чинээлэг байх тусмаа алмай, залхуу болдог гэж үнэний хувьтай ч юм. Энэ бол амьдралын нэг өнгө. Тэдний хувьд хорвоог харах нүдгүй ч амьдралыг үзэх нүдтэй төржээ.

nud.mn

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close