Нийтлэл

“ПЕТРОВИС”-ООС ШАТАХУУНАА АВААРАЙ

yaHCAYmolloo_mn_1447905482_shat

‘Монголын төмөр зам”-ыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэлтэй зэрэгцүүлээд С1 телевизээр гарсан “Цензургүй сурвалжлага”-ын дараа “Петровис’-ээс шатахуун битгий худалдаж аваарай” гэх суртал ухуулгыг өчигдрөөс сошиалд зорилготойгоор түгээж байна.

Татварын ерөнхий газраас жил бүр гаргадаг “Топ татвар төлөгчид”-ийн эхний аравт “Петровис” компани бичигддэг. Монголын 2400 хүнийг цалинжуулж яваа үндэсний том хөрөнгө оруулагч. Газрын тосны салбарт эрэл хайгуул хийж, хөрөнгө босгох зорилгоор Панамын бүсэд компани байгуулснаа Ж.Оюунгэрэл нүүр номдоо бичжээ. Улс төрийн хүрээнээс, бүүр дээрээс ургуулж, томруулах болсон уг асуудлаар “Петровис’ компани Монголд газрын тос олно гэдэг зорилгоосоо ухрахгүй одоо болтол нэмж хөрөнгө оруулаад явж байна. Намайг бизнес эрхлэгчдээс сугалж оффшорчин болгох гээд байгаа нь манай компанийн өрсөлдөгч болох нь тодорхой байна. Одоо ‘Петровис’-оос битгий бензин ав гэдэг сурталчилгаа маш хүчтэй явж эхэлнэ. Ингэж бизнест хандахаар юун гадаадын хөрөнгө оруулагч татах вэ, дотоодын хэдийгээ айлгаж хөөж гаргах бололтой” хэмээн тэрбээр  байр сууриа илэрхийлжээ.

Өнөөдөр сошиалд үй түмэн үнэн худал мэдээлэл цацагддаг. Харамсалтай нь, үндэсний хөрөнгөтнүүдээ зорилготойгоор нухчин дарах оролдлого сүүлийн үед улам эрчимжиж байна. Цаг хугацаагаар нь хөөвөл “Монгол ялсан”-аас хойш.

Монголд бизнес эрхлэхэд хууль эрх зүйн орчны болон хүү, зээлийн асуудал, хүнд суртал, хээл хахууль багагүй дарамт учруулдаг байсан бол өдгөө сошиалаар өрсөлдөгчөө нухчин дарах нь ил цагаандаа гарчээ.

Оффшор гэсэн зургаан үгээр хэнийг ч яллаж, хэн нэгний улс төр, бизнесийн карьерыг цэглэж болдгийг УИХ-ын гишүүн асан С.Баярцогтоос харсан. Одоо “Петровис”-ийг оффшороор “яллах”-ыг хэн нэгэн ихэд хүсч байгаа бололтой.

Оффшорт компани байгуулах нь бизнес эрхлэгчдийн хувьд гэмт хэрэг биш. Гадаадаас хөрөнгө татахын тулд бидний сайн мэдэх дэлхийн олон компани оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Тухайлбал, Apple, Google, Facebook, Alibaba, KFC бүгд “оффшорчин”. Тэгэхээр бүгдээрээ Facebook хэрэглэхээс татгалзаад, Apple-ийн гар утсаа хог дээр хаяцгаах уу.

 Хөрөнгө оруулалт татаж, хувьцаа гаргахын тулд англо-саксоны хуультай бүс нутагт компани байгуулах нь гэмт хэрэг биш.Харамсалтай нь, оффшороор үндэстний хөрөнгөтнүүдээ яллах нь үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх аюултай. “Петровис”-ын бензинийг авахгүй байлаа гээд ганцхан Ж.Оюунгэрэл хохирох юм биш. Энэ салбарт ажиллаж байгаа 2400 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Дээр нь төсөвт ордог орлого буурна. Хамгийн аюултай нь Оросын компаниуд Монголын зах зээлд жижиглэнгийн шатахууны худалдааг гартаа атгавал яах вэ. Тэгвэл бид хэний хараат болох вэ. Одоогоос долоо, найман жилийн өмнө оросууд Монголд шатахууны хомсдол зохиомлоор үүсгэж литр бензин тухайн үед 3000 төгрөгт хүрч байсныг олон хүн өнөөдөр мартсан бололтой. Магадгүй оффшорын ард оросуудын хүсэл сонирхол нуугдаж байгааг хэн мэдлээ. С.Баярын Засгийн газрын үед Монголын зах зээлд жижиглэнгийн шатахууны худалдааг атгах зорилгоо ‘Роснефть’ тулгаж байсныг энд сануулахад илүүдэх юун.

Аль ч улсын хөгжлийг үндэстний хөрөнгө оруулагчид нь үүрч явдаг. Хэрэвзээ үндэстний хөрөнгөтнүүдгүй болчихвол Монгол жинхнээсээ ялагдана. Бид жинхнээсээ бусдын хараат болно. Тиймээс “Петровис’-оос шатахуун аваарай” гэж уриалъя. Өрсөлдөгчдөө намнахын тулд үндэсний хөрөнгөтнүүдээ дарамтлаад, дампууруулбал Монголын жирийн эмч, багш, хүүхдүүд, тэтгэврийн өвөө, эмээ нар лав хожихгүй. Яагаад гэвэл бизнес эрхлэгчид л Монголын Улсын төсвийг бүрдүүлж, цалин тэтгэврийг олгодог юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close