АмьдралОнцлох мэдээ

Гэрлэн хот- Хонг Конг

maxresdefault (2)

Хонг Конг гэхээр худалдаа наймаа явагдаж, олон хөлхсөн нарийн гудамжууд, тэнгэр баганадсан өндөр шилэн барилгуудын дүр зураг нүднээ тусах нь гарцаагүй. Түм түжигнэсэн энэ арлын барилга, байгууламж дэлхийд гайхагддаг бөгөөд ирсэн хүн бүрийн нүдийг булааж байдаг билээ. Хонг конгт хийсэн аялалын явцад энэ олон сайхан барилгуудаас чухам алийг нь онцолж, уншигчиддаа сонирхуулах талаар нилээн бодсоны эцэст хотын өндөр барилгуудын хоёр нь болох Хятадын үндэсний банк болон Ай ЭФ Си (олон улсын санхүүгийн төв) худалдаа үйлчилгээний цогцолбор байгууламжуудын талаар бичихээр зорьлоо. Хятадын банкны барилга нь нөгөө барилгаасаа урьд баригдсан бөгөөд тухайн үедээ хамгийн өндөртөө тооцогдож байжээ. Хятад гаралтай Америк архитекторч Ай.М.Пэйгийн зураг төслөөр баригдсан энэ барилга 307 метр боловч хоёр антентайгаа нийлээд 360,9 метр өндөр юм байна. 1989-1992 он хүртэл уг байгууламж Хонг Конгдоо болон Азидаа хамгийн өндөрт тооцогддог байв. Өнөөдөр энэ барилга Хонг Конгдоо 4-рт орох өндөр байгууламж ба 72 давхар энэ барилгын 42 дахь давхар нь олон нийтэд нээлттэй байдаг.

HK_Bank_of_China_Tower_View

Hongkong_Bank_of_China

Хятадын үндэсний банкны барилгыг ургаж буй хулс модыг дүрслэн барьсан бөгөөд амьдрал ба хөгжил цэцэглэлтийг харуулжээ. Гаднаас нь харахад бүхэлдээ шилэн учраас өдөр ч шөнө ч гайхалтай өнгөлөг харагдана. Энэ нь нэг талаар Хонг Конгийн өнөөгийн барилгын загварын чиг хандлага гэж хэлж болох юм. Анх нийт 100 мянган м2 талбайг эзлэхээр зураг төсөлдөө тусгагдсан байна. Барилгыг  1988 оны 8 сарын 8-нд буюу өлзийтэй сайн өдрийг сонгон нээлтээ хийх гэрээтэй байсан ч үүнээс хоёр жилээр хойшлуулж 1990 онд бүрэн ашиглалтанд оруулжээ. Барилгын гадаад байдлыг харвал таван талт тулгуур багана бүхий хэлбэртэй. Уг барилга нь банкны барилгын хувьд Хятадын Фэнг-Шү мастеруудын хурлаар авч хэлэлцэгдсэн цорын ганц барилга юм. Зарим Фэнг-Шү мастерууд барилгыг хэт хурц өнцөгтэй байна гэж шүүмжилж байжээ. Түүнчлэн олон тооны Х маягын хэлбэрүүд нь сөрөг энергийг агуулсан ч гэж үзсэн байна. Тйимээс зохион бүтээгч нь барилга баригдахаас өмнө зарим нэг өөрчлөлтийг хийжээ. Энэ барилгад этгээд чамин шийдлийг нийтлэг загвартай хослуулж чадснаараа өнөөдөр Хонг Конгын үзэмжит барилгуудын тоонд зүй ёсоор ордог байна.

IMG_0009

Дараагийн танилцуулах барилга бол “Олон улсын санхүүгийн төв” буюу Ай Эф Си юм. Энэ барилга хэдийгээр хожуу баригдсан ч хотын өнгө төрхийг илтгэх сүрлэг өндөр барилга болжээ. Санхүүгийн төв гэгдэх энэ цогцолбор барилга нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд эхний барилгад “Дөрвөн улирал” зочид буудлыг барьсаны дараагаар түүнд түшиглэсэн худалдаа үйлчилгээний газруудыг нэгэн дор төвлөрүүлсэн томоохон цогцолбор болох хоёр дахь барилгыг барьжээ. Хоёр дахь барилга нь Хонг Конгдоо өндрөөрөө хоёрдугаарт ордог цамхаг юм. Харин дэлхийн хэмжээнд ажил үйлчилгээний байгууламжын хувьд өндрөөрөө наймдугаар байранд ордог. Эхний барилгыг 1998 оноос эхлэн барьж 1999 онд бүрэн ашиглалтанд оруулжээ. Энэ нь 39 давхар бөгөөд үүнээс 4 давхарт нь худалдаа үйлчилгээ явуулдаг. Түүнчлэн дөрвөн талд 18 ширхэг хурдтай цахилгаан өргөгч шаттай.

HK_International_Finance_Centre_200809

IMG_0007

Хоёр дахь өндөр шилэн цогцолборыг 2003 онд нээсэн бөгөөд 415 метр өндөр. Үүн дотор 88 цахилгаан шат байхаас гадна 22 давхарт нь өндөр зэрэглэлийн худалдааны газрууд байрлана. Давхаруудын тоонууд ямар нэгэн зүйлийг зөгнөсөн мэт. Жишээлбэл “Табу давхар” буюу 14, 24 дэх давхарууд үнэндээ сайн сайхныг зөгнөөгүй мэт Кантон хэлээр 14 гэдэг нь “гарцаагүй үхлийн” харин 24 гэдэг нь “амархан үхэл” гэж сонсогддог байна.

IMG_0021

Олон давхар барилга барих нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой бөгөөд санхүүгийн байгууллагуудыг нэг дор байрлуулахад ашигтай. Энэ ч утгаараа барилгын 55 дахь давхарт Хонг Конгын мөнгөний бодлого хэрэгжүүлэгч орон нутгын захиргаа байрладаг. Сонирхуулахад 55, 56 болон 77, 88 давхаруудыг 2001 онд орон нутгийн үнэт цаасны захиргаа 480мянган ам.доллараар худалдаж авчээ. Үүнд үзэсгэлэнгийн танхим байхаас гадна орон нутгийн үнэт цаасны мэдээллийн төвийн номын сан ажлын цагуудад олон нийтэд нээлттэй ажилладаг.

IMG_0019

IMG_0015

Энэ барилга нийт 15000 хүний багтаамжтай ба дэлхийн хэмжээнд хоёр давхар цахилгаан шаттай цөөн хэдэн барилгуудын нэг юм. Мөн үүн дотор та дэлхийд нэртэй 200 гаран брэнд бараа бүтээгдэхүүн, үнэт эдлэл, гоо сайхны бараанаас сонголт хийх боломжтой, дэлгүүр хэсэхэд үнэхээр тохирсон газар. Дэлгүүр хэсэх далимдаа амт чанар, тав тухаараа гайхагдсан алдартай зоогийн газруудад тухлан хооллож, дээд зэргийн дарсыг ч амтлах боломжтой. Энэ барилга дотор олон улсын хэмжээний томоохон үзэсгэлэн шоу болдог. Жуулчдад нийтийн тээврийн хэрэгслээр төвөггүй үйлчлүүлэх бүхий л нөхцөл бололцоог хангаж олон улсын нисэх буудалруу явах хурдан галт тэргээр үйлчилнэ. Та эндээсээ онгоцны бүртгэлээ хийсэн ч болно. Метро, гатлага онгоцууд нөгөө хэсэгтэй холбогдсон байдаг нь нийтийн тээврээр зорчих хүмүүсийн цагыг хэмнэж, тав тухыг бүрэн хангасан байх нь сайхан. Энд 1800 машины зогсоол байрлах нь үйлчилгээний газруудаар үйлчлүүлж буй хүмүүст такси олоход төвөггүй болох нь анзаарагдсан юм.

Та бүхэн Хонг Конгт очвол гэрлэн шоуг үзэхгүй өнгөрөөж болохгүй. Учир нь өнгө өнгийн гэрлээр чимэглэгдсэн өндөр шилэн байшингуудад шөнийн цагт гайхалтай үзүүлбэр үзүүлэх болно. Олон улсын санхүүгийн төв болох энэ нүсэр шилэн цамхаг шөнийн гэрлээ асаах үед үзэсгэлэнтэй харагддаг. Олон улсын санхүүгийн төв жил бүрийн он солигдох мөчийг хоромоор тоолж гэрлэн үзүүлбэр үзүүлдэгээрээ алдартай. Энэ бол мэдээж мартагдашгүй шинэ жил байх нь ойлгомжтой. Гэрлэн хот Хонг Конгоор аялах нь сэтгэл хөдөлгөм байлаа. Дараагийн аялал давтагдашгүй сайхан зүйлүүдээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

Аян замын тэмдэглэл хөтөлсөн Л.Вася

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close