Дотоод мэдээМэдээ

Баянхошууны хүүхдүүдийн хар тугалгын хэмжээ өндөр гарчээ

Гэрэл зургийг MPA.mn

Хар тугалга нь хүний цусанд байх ёсгүй хортой метал элемент юм. Гэтэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүс буюу СХД-ийн Баянхошуу орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22.6 микрограмм байгааг туршилтын шинжилгээгээр тогтоожээ. Цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх тусам хүүхдийн сэтгэн бодох чадвар буурдаг болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

“Gogo.mn” мэдээний агентлагийн санаачлагаар АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийн судлаачид хамтран Улаанбаатар хотын таван бүсэд амьдарч буй 7-15 насны 15 хүүхдийг сонгон авч цусан дахь хар тугалгын хэмжээг шинжлэн тогтоожээ.

Шинжилгээгээр Баянхошуу орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нь 15.9-22.6 микрограммд хүрсэн байгаа бол харин шинэ суурьшлын бүс Зайсан орчимд амьдардаг хүүхдээс хар тугалга илрээгүй аж. Мөн техникийн зах орчимд амьдардаг хүүхдийн цусанд 5.7-10, “Нарантуул” худалдааны төв орчмын хүүхдийн цусанд 4-4.3 микрограмм хар тугалга илэрчээ.

АНУ-ын цусны хяналтын төвөөс гаргасан эрүүл мэндийн зөвлөмжид хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 5 микрограммаас их байвал сэтгэхүйн үйл ажиллагаа, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж тогтоосон байдаг. Харин хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 10-аас дээш микрограмм болбол оюуны чадамжийн түвшин буурдаг. Мөн сонсгол, өсөлтөд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Иймд Баянхошуу орчимд амьдарч буй хүүхдүүдэд хортой нөхцөл бий болоод байгааг АШУҮИС Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Нарансүх хэллээ.

Мөн шинжилгээнд хамрагдсан 15 хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээнд лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээг дурьдвал:

  • Орон сууцанд амьдардаг хүүхдийнх 3.7 микрограмм
  • Гэр хороололд амьдардаг хүүхдийнх 10.8 микрограмм гарчээ. Тэгэхээр хар тугалга нь ихэвчлэн агаарын бохирдлоос үүдэлтэй ч байдаг ч амьдрах орчин нөхцөл, ундны ус, хүнснээс шалтгаалдаг болохыг доктор Д.Нарансүх тайлбарлалаа.
Гэрэл зургийг MPA.mn

АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Ундармаа “Хар тугалга нь мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг метал. 0-3 настай хүүхдийн мэдрэлийн эд, эс хамгийн хурдан хөгжиж байдаг. Энэ үед хүүхэд хар тугалгад өртөхөд хүүхдийн мэдрэлийн эд эс гэмтдэг, зарим тохиолдолд амь нас алддаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд архаг хар тугалгын өртөлт буюу арав гаруй жилийн өмнө хар тугалгад өртөж байсан бол тэр нь ясандаа хуримтлагдаад жирэмсний үед кальц алдагдаж цусны урсгал руу ордог. Улмаар ургийн мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг. Хүүхдийн 15 настайд нь хар тугалга илэрсэн бол 10 жил ясанд нь хуримтлагдсан байдаг. Улмаар урагт нөлөөлөх эрсдэл бий болдог.Хар тугалга нь хүний цусанд байх ёсгүй хортой элемент. Тийм учраас дэлхийн улс орнууд эрүүл мэндийн зөвлөмж, стандартанд хортой хэмжээг тодорхойлж, тогтмол шинжилгээ хийж хянаж байдаг. Манайд үүнийг хянах тогтолцоо хараахан бүрдээгүй байна” хэмээн ярилаа.

Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогтгэрэл нарт биомониторын түүвэр судалгааг хийдэг болох, хар тугалгаар хордож байгаа эх үүсвэрийг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд хийх, хар тугалгын үзлэг хийх тогтолцоотой болох гэсэн гурван шаардлагыг “Gogo.mn” мэдээний агентлагаас хүргүүлж буйгаа дуулгалаа.

Манай улсад хүүхэд болон эмэгтэйчүүдийн дунд 2005, 2015, 2016 онд нийтдээ дөрвөн удаа хар тугалгын шинжилгээг хийсэн байдаг.

Эх сурвалж: shuud.mn

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close