АмьдралУран зохиол

Х Ү Д Э Н ~ БЭСРЭГ РОМАН ~ (Үргэлжлэл #3)

15857276_1207702789342685_1478415454_o

Цолмонгийн зүүн хөл нь шилбээрээ гэмтэн хавджээ. Гарьд эмнэлэг рүү авч явах гэсэн ч бүсгүй зөрөөд явсангүй. Харин Номуун охин Ажаагаа чирэх шахам дагуулж ирсэнд ойр хавьдаа барих засахдаа алдартай эмгэн гэмтсэн хөлөнд нь дөнгөж хүрүүт аймшигтай өвдсөн Цолмон эгээтэй л ухаан алдчихсангүй. Эмгэн хэсэг атгаснаа хөлсөө арчиж:
-Ялимгүй цуурчихаж. Ганга өвсний шилмүүстэй давстай хар цайгаар шавшиж бигнээд, чиг бариад чангахан баглачихмаар байна даа гэсэнд охин:
-Би ганга өвс аваад ирье хэмээн годхийн гарч гүйлээ. Гарьд ч гарч удаж төдөлгүй тохойн чинээ банзны тайрдас авч ирэв. Түүний араас хормой дүүрэн мөнх ногоон шилмүүс овоолчихсон Номуун амьсгаадсаар орж ирэхэд нь эмээ нь:
-Ургаж ядаж байгаа амьтныг юун ч ихээр нь зулгаагаав дээ гэхэд охин:
-Их өвсөөр боочихвол өвчин нь хурдан эдгэх болов уу гэж бодоод л хэмээн учирлалаа.
Эмгэн охиноо өхөөрдөн духан дээр нь үнэрлээд:
-Боддог л бодол. Ухаандаа найзыгаа л хурдан эдгээчих гээд байгаа хүн юм биз дээ хэмээн урамшуулан мишээжээ.
Чанга гартай эмгэн бүсгүйг орилуулан байж хөлийг нь нөгөө банзаар чиг барин бооход Номуун жигтэйхэн сандарч:
-Ажаа зөөлхөн л дөө. Бүр хугарчихвал яах юм бэ гэж өмөлзөхөд нь эмгэн:
-Хош чи. Би мэдэж байна хэмээн зандарчээ. Харин Гарьд дуугүй л тамхиа баагиулан харж зогслоо.

Эмгэн сайхан борцтой, будаатай цай чанаж өгөөд харьжээ. Харин Номуун удахгүй очино гэсэн амлалт эмээдээ өгч байж үлдээд орой болтол Цолмонгийн дэргэдээс холдсонгүй. Цагаан гэгээ тасрахаас өмнөхөн л Цолмон бараг л хөөн байж охиныг арай гэж гэрт нь хариулахаар болж.
Дуртай дургүй хүргэж өгөхөөс аргагүй болсон Гарьд охиныг дагуулан урд нь орон зөрлөгийн зүг ууртайяа том том алхахад Цолмон Номуунд гар далласаар хоцорчээ. Нөгөө хоёрыг хусан төгөл рүү дөнгөж далд оронгуут бүсгүй арай ядан өндийж хөлөө чирэн дээврийн хөндий өөд мацлаа. Хамаг хар хөлс нь цутгаад, мөлхөхөөс наагуурхан юм болж байж нөгөө чемоданн дээрээ хүрчээ.
Бүрэнхий болсон хойно уурласандаа дуугаа хураасан Гарьд хүрч ирлээ. Тэрээр орны толгойн тушаа модон сандал дээр аяга хөмрүүлэн суурилуулсан лааг ганцхан үлээж унтраачихаад, шуухитнан хувцсаа тайлснаа бүсгүйн хажуугаар орон буруу хараад хэвтээд өгөв. Төдөлгүй жигдхэнээр намуухан хурхирч эхлэлээ.

Харин үүр дөнгөж цайв уу үгүй юу Гарьд машинаа асааж:
-Өнөө орой хоёулаа гэрэлтэй болноо гэснээ гучин километрийн цаана байх сумын төв рүү яваад өгчээ.
Номууныг харуулдан үе үе цонхоор харангаа Цолмон нөгөө дэвтэр дээрхи шүлгүүдийг уншиж хэвтлээ.

нэг бараан шувуу
нисэн буух нь-
зовлон аж.
Г.Э

Ес дэхь хуудсыг эргүүлтэл хуучирч шарласан нэгэн зураг гулсан унаад орон доогуур орчихов.
Цолмон шалан дээр элэглэн хэвтээд, гар сунган тэмтчин байж нөгөө зургийг авч харвал залуухан Гарьд нэгэн хөл хүндтэй бүсгүйтэй ихэд дотноор тэврэлдэн авахуулсан байх нь тэр. Тэдний цаана энэ байшин нь цоо шинээрээ, цонхны цагаан жааз нь гялалзан харагдах бөгөөд Цолмон зургийг эргүүлж харвал ар талд нь:

зурагчин гар өргөхөд
амьсгал түгжин инээмсэглэв-
нүдний өмнүүр мөрөөдөл нисэлдэнэ…
Г.Э
1999 он

гэж дэвтэр дээрхтэй яг ижил хэвээр бичсэн байв.
-Цоомоо эгч ээ…
Цолмон зургийг байсан хуудасных нь завсар хавчуулж дэвтрээ гудсан доогуураа шургуулчихаад цонхоор харвал байшин чиглэсэн замаар зурган дээрх бүсгүй:
-Цоомоо эгч ээ хэмээн дуудсаар ирж явлаа.
Мэгдэж мэнэрсэн Цолмон хөлөө мартан цонх руу ухасхийтал шилбээр нь тэсэхийн аргагүй янгинаж өөрийн эрхгүй сөхрөн унажээ.
-Цолмон эгч ээ хэмээн цангинуулах Номууны дуу тэртээд мэт цуурайтан холдоод, нүдний нь өмнө байшин дотрох тэр чигээрээ дайвалзан ганхаж байснаа ухаан нь балартан харанхуйллаа.

3.
нарийн гудамж тойроод
намайг үхэл хүлээнэ…
буцах зам хаалттай.
(Г.Э бүсгүйн дэвтрээс)

Хоёр талаараа нарсан ой үргэлжилсэн нарийн хөндийгөөр зурайх элсэрхэг зөөлөн замаар Гарьд давхиулж явлаа. Арын суудал дээр нь нарны зай хураагуур хайрцган дотроо харжиганана. Жилийн өмнө Гарьд Ууганбаяр хоёр жижүүртэй байж таараад дуудлагын дагуу яг ийм замаар хурдлаж явсан сан. Цол нэмээд удаагүй байсан болоод ч тэр үү шалавхан шиг л хэргийн газар хүрч, гэмтнийг нь гавлан, машиндаа чихэж аваад буцаад давхихын хүслэн болж байж билээ.

Хотоос зайдуухан орших амралтын газар амарч явсан хэсэг залуус хоорондоо зодолджээ. Шалтгаан нь энгийн, хамт явсан охиноо булаацалдсан. Хаа сайгүй л үзэгдэх болсон шатахууны мангас машин хөлөглөж, хөгжим чарлуулах баян айлын эрх дураараа хүүхдүүд.
Гэтэл найздаа хамраа чихүүлсэн нэг нь шаралхан гүйж гараад машиныхаа урд хайрцагнаас аавынхаа мартчихсан цоо шинэхэн “bretta-92” маркийн гар бууг шүүрч амралтын бааранд шар айраг шимэнгээ саяхан булааж авсан охиноо эрхлүүлэн суусан найз руугаа очин нүдээ аньж байгаад дайзтай сумыг нь дуустал дарчихсан аж. Азаар шал, тааз руу чиглэсэн суманд хэн ч өртсөнгүй. Харин айж үймэлдсэн хүмүүсийн хөлөөр баарны сандал ширээ, аяга таваг л юу ч үлдэлгүй бут үсэрчээ.

Шийдэж цөхөөд байхааргүй амархан хэрэг. Сүүлийн жилүүдэд иймэрхүү хэрэг цөөнгүй гардаг болсон болохоор Гарьд холбогдох материалыг хугацаанд нь бүрдүүлж, зүйл ангий нь төлөвлөчихөөд прокурор руу шилжүүлдгийн даваан дээр хэрэгт холбоотой сэжигтэн, гэрчүүд бүгд л нэг хүний амаар ярих мэт “сүртэй юм болоогүй, зүгээр л сонирхож байгаад буу алдсан” гэцгээгээд анхны мэдүүлгээсээ буцжээ. Ядаж байхад буу нь хууль ёсны зөвшөөрөлтэй болохоор хэргийг хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй болов. Мань “Врошиловын мэргэн буучийн” аав гэх нөлөө бүхий бизнесмэн, буурьтай царайлсан шалхгар эр ч бас даргынх нь өрөөнд ирж тухлангаа Гарьдыг дуудуулж авчраад зөндөө ятгажээ.
Гэвч Гарьдад энэ хэргийг тэдний хүссэнээр шийдчих бодол байсангүй. Өнөөдөр бүх сумаар нь нүдээ аниж байгаад “буу алдчихаж” байгаа хүн маргааш хэн нэгэн рүү чиглүүлж байгаад гох дарахыг хэн байг гэх вэ гэж бодоод нэг мөсөн учрыг нь олохоор шийдэж, хэргийг прокурорт шилжүүлэлгүй өөр дээрээ байлгаж байсан юм.

Бууны хэргээс хэд хоногийн дараа нэг үүрээр огт унтраах учиргүй байдаг утсанд нь дуудлага ирэн сэрээлээ. Энэ жил таван ой хүрч буй хүү Итгэл нь гарыг нь дэрлэн тайван нойрсоно. Итгэлийн цаад талд унтаж байсан эхнэр Агиймаа нь бас сэрчихсэн:
-Утас чинь хэмээн нойрмоглон шивнэхэд нь Гарьд хүүгийнхээ толгой доороос гараа сэмээрхэн сугалж, утсаа аван галын өрөө рүүгээ орлоо. Гарьд:
-За сонсч байна гэвэл утасны цаана Ууганбаяр гэх залуухан хамтрагчийнх нь дуу гарчээ.
-Нөхөр ахмадын амрыг эрье.
-Амрыг эрье.
-Дуудлага ирсэн. Нэг эмэгтэй урд шөнө цонхон доор нь хүмүүс зодолдоод, нэгнийгээ буудахыг харсан гэнэ. “Хүн амь” бололтой.
-Би өнөөдөр амарна.
-Энд та бид хоёроос өөр хүн алгаа. Даваа ах нөгөө зодооны хэргээр Дархан явчихсан. Хурандаа, та бид хоёрт энэ хэргийг шалгахыг даалгасан. Би шуурхай тасгийнхантай гарч байна.
-За ойлголоо. Гарьд утсаа таслаад эргэвэл эхнэр нь ард нь ирчихсэн зогсож байв.
-Юу болоо вэ?
-Явах боллоо.
-Чи өнөөдөр хүүтэйгээ гарна гээд байгаагүй билүү?
-Дараа л явахаас.
Гарьд дахин юм ярьсангүй яаран хувцаслаж, сэрэх янзгүй тайван унтах хүүгээ нэг үнсчихээд гэрээс гарлаа.
Гарьдыг хэрэг болсон гэх орон сууцны шинэхэн хороололд ирэхэд шуурхай тасгийнхан нохойгоор ойр орчмыг самнуулж байлаа. Хэрэгт дуртай, эртэч хүмүүс хэдийнээ шавчихсан дор дорноо юу болсон талаар таамаглан шуугилдах аж. Ууганбаяр нойр нь гүйцэд гараагүй нэг махлаг эртэй ярилцаж зогссоноо Гарьдыг олж хараад угтан хүрч ирлээ. Тэд хайнгадуухан гар атгалцаад үүдэнд нь эмнэлэгийн машин зогсох ойролцоох орцыг зүглэв. Замдаа Ууганбаяр:
-Нэг эмэгтэй цонхон доор нь хүмүүс зодолдох чимээгээр сэрээд харсан чинь хоёр хүн нэг залууг зодож байснаа буудчихаад цогцсыг нь машиныхаа ар луу хийгээд давхиад явчихсан юм байх. Толгой руу нь хоёр буудсан гэнээ. Гэтэл ойр хавьд ямар ч цусны мөр, толбо олдоогүй. Энэ хавийн айлуудаас буун дуу сонссон хүн нэг ч алга. Нохойнууд ч ямар ч мөр олсонгүй хэмээн тайлбарлалаа. Гарьд түргэний машины хажуугаар өнгөрөхдөө:
-Энэ яагаад яваагүй юм гэвэл Ууганбаяр:
-Дуудлага өгсөн эмэгтэй шүүгээ мөргөөд ухаан алдчихсан гэнэ. Одоо гэртээ эмчид үзүүлж байгаа.
Ууганбаяр Гарьдыг дагуулан гурван давхрын нэг дэлгээтэй хаалга руу явж ороход дуудлага өгсөн гэх гуч орчим насны, давхараатай том алаг нүд нь айсандаа болоод ч тэр үү, эргэлдэн бүлтэгнэсэн туранхай шар бүсгүй буйдан дээр даралтаа үзүүлэн сууж байлаа. Нарийхан духан дээр нь эрхий дарам чинээ шинэхэн хавдар үзэгдэнэ. Эмч эр чагнуураа эвхэж, замд нь тээглэх хоёр цаасан хайрцагтайг хөлөөрөө түлхэн холдуулаад Гарьд дээр ирж:
-Биеийн байдал ерөнхийдөө хэвийн. Шүүгээ мөргөснөөс ухаан алдсан. Одоо бол даралт, зүрхний цохилт хэвийн, тархи хөдлөөгүй. Энэ хавдар яах вэ, гурав хоноод л арилчих болохоор асуудал биш. Та нар ярилцаж болно гээд гарлаа. Ууганбаяр:
-Бие чинь яаж байна гэхэд Булган гэм хийсэн мэт муухан инээмсэглээд:
-Одоо зүгээр гэсэн. Наадуул дээрээ сууж болно болно гээд цаасан хайрцагнууд уруу заалаа. Нэг нэг цаасан хайрцагны булан сандайлсны дараа Ууганбаяр тэмдэглэлийн дэвтэрээ гаргаж:
-Энэ хүн манай хэлтсийн ахмад Гарьд гэвэл Булган толгой дохьлоо. Гарьд хариу толгой дохиод:
-Юу болсныг ярихгүй юу гэхэд Булган:
-Би өчигдөр л дөнгөж нүүж ирсэн болохоор жаахан замбараагүй байгаа, уучлаарай. Тэгээд утсаа хайж баахан онгичоод. Тэгсэн чинь хөл доор минь л байсан байна билээ.
Гарьд Ууганбаярын дэвтэр өөд нэг хяламхийгээд:
-Товчхон ярь гэвэл Булган улам сандарч, ээрч мууран ярьж эхлэлээ.
-Дөнгөж нүүж ирсэн болоод ч тэр юм уу, нэг л дасаж өгдөггүй, нойр ч хүрдэггүй. Тэгээд ч маргааш амралтын өдөр юм чинь гэж бодоод унтъя ч гэж нэг их яараагүй юм л даа. Тэгсэн чинь шөнө гэнэтхэн тэнгэр дуугараад, цочоод сэрчихсэн. Тэгээд цонхоор харсан чинь хоёр хүн нэг залууг зодож байсан.
Ууганбаяр Гарьд руу гайхан харснаа:
-Ямаршуухан хүмүүс байсан бэ? Та харж чадсан уу гэвэл Булган санахыг хичээн хөмсгөө атируулан хэсэг бодож байгаад:
-Нэг нь махлаг, биерхүү, нөгөө нь өндөрдүү, урт цув бололтой хувцастай байсан. Ер нь залуу хүмүүс харагдсан хэмээн үргэлжлүүллээ.
Ууганбаяр бүсгүйн хэлснийг таталган бичиж байснаа яриаг нь таслаж:
-Та дуудлага өгөхдөө буудсан гэж хэлсэн гэхэд Булган:
-Тийм ээ. Гэхдээ би буудахыг нь яг хараагүй л дээ. Айгаад цонхноосоо холдчихсон юм. Харин буун дууг бол маш сайн сонссон гэлээ. Гарьд цонх руу нэг хяламхийж:
-Хэдэн удаа хэмээн лавшруулвал:
-Ар араасаа дарааллаад яг хоёр удаа дуугарсан гээд бүсгүй одоо ч айдас нь хэвээр байгаа бололтой гараа цээжиндээ аван санаа алдлаа. Гарьд Ууганбаярын дэвтэр лүү харвал “…яг хоёр удаа дуугарсан…” хэмээн яаран тэмдэглэж байв. Тэрээр дэвтэр лүү харсан хэвээр:
-Хэдэн цагийн үед вэ хэмээн хайнгадуу асуувал Булган:
-Миний санаж байгаагаар гурван цагийн орчим. Би маш их айсан, ядарсан байсан болохоор ухаан орсноосоо хойш тайвшрах гэж нэлээн удаан суусан. Бас дээрээс нь гар хөл салгалаад утсаа хайгаад олдоггүй. Гарьд хайрцган дээрээс босч:
-Өнөөдөртөө ингээд дуусгая гэхэд Ууганбаяр:
-Танд баярлалаа. Хэрэг гарвал бид тантай холбоо баринаа гээд мөн өндийлөө.
-Ойлголоо гээд бүсгүй ч мөн буйдангаас босчээ. Ууганбаяр:
-Та дугаараа хэл дээ гээд бүсгүйн хэлснийг тэмдэглж авахаар зэхэхэд Гарьд тэднийг орхин гарлаа.

Ууганбаярыг дэвтрээ энгэрийнхээ халаасанд хийсээр гарч ирэхэд машиныхаа тоосыг арчиж зогссон Гарьд:
-Энэ хүүхэн юу харсан байх вэ гэхэд Ууганбаяр:
-Ёстой хачин хүүхэн юмаа. Эсвэл хий юм хардаг өвчтэй юм болов уу гээд мөрөө хавчжээ.
-Нэг шалгуулчих. Хоёулаа юм идэх үү?
-Болж л байна. Орой хоол идээгүй болохоор өлсөөд би л бараг хий юм хардаг болох гээд байх шиг байна.
Гарьд алчуураа сэгсрээд машиндаа суухад нь Ууганбаяр дагалаа.
-Сүрхий өлсөж байна. Хурдхан шиг хоол хийгээд өгчихдөг хүнтэй болъё. Би таныг Чимэгээтэй танилцуулсан билүү?
-Чи салчихсан гээ биз дээ?
-Бид хоёр аль хэдийнээ учраа олцгоочихсон шүү дээ. Сарын өмнө, яагаав таныг цол нэмдэг тэр орой Чимэгээ өөрөө ярьсан. Тэгээд шөнө нь уулзаад, өглөө нь хамт сэрээд л. Бид хоёр хамт байгаа.
Ууганбаяр машины салхивчийг доошлуулж Булганы цонх руу харвал бүсгүй шөнийн явдал болсон газар тийш нүд салгалгүй ширтэн зогсох нь үүрийн цагаан гэгээнээр их л тодхон үзэгдлээ.

Шөнө нь Гарьд, Ууганбаяр хоёр дахиад л нөгөө байшингийн гадаа, машиндаа сууж байв. Цаана нь цагдаагийн болон, түргэний машины гэрэл анивалзана. Ууганбаяр цонхоороо ширтэн зогсох бүсгүйн зүг харснаа:
-Энэ хүүхнийг шинжилгээнд оруулъя. Тэгэх үү? Хэрвээ хий юм хардаг нь нотлогдчих юм бол хэргийг нь хаачихъя. Тэгээд л боллоо.
-Буудуулсан гээд байгаа хүнийхээ нүүр царайг харж амжиж уу?
-Айгаад царайг нь харж чадаагүй гэнээ.
Залуухан цагдаа нохойгоо хөтлөсөөр ирж цонхыг нь тогшлоо. Гарьд машиныхаа салхивчийг доошлуулахад нохойн цагдаа:
-Ямар ч мөр алгаа гэхэд эзнийхээ хэлснийг үнэн хэмээн батлах мэт соотойсон чихтэй саарал нохой нь хоёронтоо чанга хуцжээ. Ууганбаяр нохой руу харан инээд алдаж:
-За, ойлголоо ойлголоо. Чи сайн ажилласан гэсэнд нохойгоо өхөөрдсөн цагдаа чихнийх нь хооронд маажин инээмсэглэв. Цагдаа тэдэнд ёслочихоод нохойгоо хөтлөсөөр машин руугаа явлаа. Гарьд том саарал нохой машин руугаа их л дурамжхан янзтай эргэж хурган байж орохыг харж сууснаа:
-Хоёулаа хэлтэс орж өглөө болтол нойр авъя гэвэл Ууганбаяр амаа том ангайлган эвшээх зуураа толгой дохиж:
-Сайхан санаа байна хэмээн дуртайяа дэмжлээ.
Шөнийн хот нам гүм. Ойрд бороо ороогүй хотын гудамж хуурайшин, бүгчим хүнд агаарт улиасны унгирал цасан ширхэг мэт бужигнан бударна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close